Цогт Энхбат
Columbia University-д Астрофизик болон Санхүүнийн чиглэлээр суралцдаг. ХҮР-ийн хамтран үүсгэн байгуулагч, SAT шалгалтад 1540 оноо авч байсан.
Ном
Энэхүү хичээлээр бид Америкийн их дээд сургуулиудын статистик үзүүлэлт, сургалтын чанар, өрсөлдөөний түвшин зэргийг хэрхэн зөв үнэлэхийг танд заана. Зөвхөн нэр хүндэд бус, бодит дата мэдээлэлд тулгуурлан сургуулиа сонгох чадвартай болоход энэхүү хичээл таны анхны алхам байх болно.
Үзэх сэдэв:
Их сургуулийн төрөл:
Том хотын сургууль болон либерал артс коллеж (Liberal Atrs College) кампусын ялгаа.Сургуулийн соёл:
Амьдралын зардал болон оюутны амьдралын онцлог.Гол үзүүлэлтүүд:
Acceptance rate, GPA/SAT оноо, ROI зэрэг статистик мэдээллийн утгыг зөв уншиж өөрт таарсан сургуулиа хайх мэдлэгтэй болох.Оюутан багшийн харьцаа:
Энэхүү үзүүлэлт нь хичээлийн чанарт хэрхэн нөлөөлдөг тухай сургуульд тэнцэж очсоны дараах таны амьдрал ямар байхтай холбоотой бодит дүрслэлтэй болох.
Сургуулийн дата цуглуулах нарийн зөвлөгөөг та Урьхан багшийн хичээлээс үзэх болно.
Цогтын зөвлөгөө:
Бидний ярилцсан сэдэв бол зөвхөн сургуульд тэнцэх тухай биш юм. Харин ирээдүйд ямар хүн болох вэ гэдэгт хариулт олох тухай юм. Сургууль болгоны төрөл өөр байдагтай адил танд таарах хүсэж буй орчин ч хүртэл өөр өөр байх болно. Оюутны амьдрал, мэргэжлийн дэмжлэг, төгсөгчдийн сүлжээ зэргийг сайтар судалж, өөрийн зорилгодоо нийцсэн сургуулийг сонгохыг зөвлөсөн. Яагаад гэвэл энэ шийдвэр таны амьдралын нэг хэсэг болж, таныг тодорхойлдог юм.
Мөнхзулын зөвлөгөө:
Бид тэгвэл өөрт таарсан сургуулийн мэдээллээ хайж сургуультайгаа танилцахын тулд ямар дата цуглуулах ёстой вэ? Дээд сургуулийн бидний очихыг хүсэж буй мөрөөдлийн цогц хэлбэр гэдэг өнцгөөс нь биш байгуулга гэдэг өнцгөөр харж дээд сургууль ямар сурагчийг жил бүр авах хүсэлтэй эсэхийг ойлгох нь таны өргөдлийн явцад маш их туслах болно.
Бүртгүүлэхээсээ өмнө өмнөх жилийн элсэлтийн дата-г судалж, хэр өрсөлдөөнтэйг мэдэх нь гадаад оюутнуудад маш чухал. Сургууль бүрийн албан ёсны дата-г нэгтгэн хүргэдэг ‘College Transitions’ сайтаас та шаардлагатай мэдээллээ авах боломжтой (энэ дээр дарж харна уу). Интернэтээс хайдаг тэнцэлтийн хувь нь нийт сурагчдын мэдээлэл байдаг учир гадаад оюутны хувьд шууд хамаарахгүй. Иймээс өөрт хамаарах зөв дата-г анхнаас нь тодорхойлж авах хэрэгтэй байдаг.Үүнээс гадна өөрийн очихыг хүсэж буй сургуулийн веб хуудас руу орж үзэх нь чухал. Танд өөрийн нандин мэдээллийн нэг болох "Harvard дээд сургуулийн хүсэж буй сурагчийн чанар", "MIT дээд сургуулийн хүсэж буй сурагчийн чанар"-г тайлбарлаж бичсэн веб хуудсыг хуваалцъя.
Дээд сургуулийн дата хайж байхад хамгийн чухал байнга бодож явах ёстой зүйл нь "та өөрийнхөө төлөө хөдлөхгүй бөл өөр хэн ч таны төлөө хөдлөхгүй" гэдэг ойлголт юм. Өөрийн англи хэлээ хөгжүүлээд, ирээдүйд сурах сургуулиа таньж мэдэхийн тулд мэдээлэл хайдаг дадлыг хэвшүүлээрэй.
Хамгийн сүүлд нь интернэтээр мэдээлэл хайхдаа тухайн сургуулийнхаа нэр дээр “admission” гэж бичээд хайгаад үзээрэй. Ингэвэл тухайн сургууль өөрөө оюутнуудад зориулан гаргасан албан ёсны зөвлөгөө, эх сурвалжууд руу шууд орж болно. Жишээ нь, Harvard University-г авч үзье. Тэдний албан ёсны admission хуудсанд эсээ хэрхэн бичих, recommendation letter-ээ яаж оновчтой болгох, тухайн мэргэжил дээр Harvard University ямар сурагч хайдаг зэрэг практик зөвлөгөө, дэлгэрэнгүй зааварчилгаа нь нээлттэй байрладаг (энд дарж хараарай). Иймээс хэн нэгний ам дамжсан ярианд найдах бус, сургуулийнхаа өөрсдийн бэлтгэсэн албан ёсны эх сурвалж дээр тулгуурлан мэдээллээ авахыг зөвлөж байна.

Holistic Review гэж юу юм бэ?
Аливаа их сургуулийн элсэлтийн ажилтнууд оюутныг сонгохдоо зөвхөн сурлагын дүнгээс гадна тухайн хүний хувийн чанар-ыг чухалчилдаг. Энэ нь "бүх талыг хамарсан үнэлгээ" буюу holistic review гэж нэрлэгддэг арга юм. Өнөөдөр олон сурагч элсэлтийн тухай ярихад SAT оноо, GPA, эссэ гэх мэт “харагдах” зүйлсийг боддог. Гэвч дээд сургуулиуд зөвхөн энэ тоон үзүүлэлтүүдэд тулгуурладаггүй нь Thrivers Study гэх судалгаанаас тодорхой харагддаг. Энэ судалгаа нэг энгийн асуултаас эхэлсэн. “Яагаад зарим сурагч дээд сургууль дээрээ гайхалтай амжилт гаргадаг, зарим нь бол төвөгтэй байдаг вэ?” Хариулт нь энгийн ч гүнзгий, зөвхөн өндөр оноо, төгс GPA биш, харин тухайн сурагчийн character буюу зан чанар, дадал зуршилд байна. Ийм учраас л holistic review-г чухалчилж үзээд байгаа юм.
Бүх талыг хамарсан үнэлгээ (Holistic Review)
Зорилго: Зөвхөн сурлагын өндөр амжилттай оюутан сонгох бус, нийгэмд хувь нэмэр оруулах боломжтой, олон талын авьяас чадвартай, өвөрмөц хувь хүн бүхий нийгэмлэгийг бүрдүүлэх.
Хувийн чанарыг үнэлэх нь: Энэхүү үнэлгээ нь хувийн ёс зүйтэй (эмпати, даруу байдал, үнэнч шударга байдал) болон гүйцэтгэлд суурилсан (тууштай байдал, багаар ажиллах чадвар, хариуцлагатай байдал) хувийн шинж чанаруудыг хамардаг.
Түүх: АНУ-ын их сургуулиудад, ялангуяа Ази оюутнууд зөвхөн сурлагын дүнгээрээ ялгарч чаддаггүй тул "holistic" үнэлгээний ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Оюутны гадаад үйл ажиллагаа, эссэ, ярилцлага зэрэг нь тухайн оюутныг танихад тусалдаг.
“Thrivers” буюу амжилттай сурагчдын нууц
Судалгааны баг сургуулийнхаа хамгийн амжилттай, идэвхтэй, сургалтын орчиндоо “амьдарч буй” (thrive) оюутнуудыг судалж, нийтлэг чанаруудыг нь олж тогтоосон.
Тэдний дундаас хамгийн их давтагдаж байсан шинжүүд бол:
Урт хугацааны зорилгодоо төвлөрч чаддаг тэсвэр тэвчээр
Бусдад санаа тавьж, тусалдаг өрөвдөх сэтгэл
Шинэ зүйл сурах сониуч зан
Бэрхшээлийг боломж болгон хувиргадаг growth mindset
Энэ бол тоо баримтаар хэмжихэд бэрх ч, application дээрээ харуулбал таныг бусдаас онцгой харагдуулдаг чанарууд юм.
Элсэлтийн ажилтны нүдээр
Элсэлтийн ажилтан таны application file-ийг хараад, нэг чухал асуултыг өөрөөсөө асуудаг: “Энэ хүүхэд манай сургуулийн орчинд зөвхөн тэсэх биш, хөгжиж, бусдад нөлөө үзүүлж чадах уу?”
Тэгвэл таны даалгавар бол эсээ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, recommendation letter бүр дээр энэ “character”-ээ ил гаргах. Тухайлбал, та роботик клубт олон жил оролцсон бол зүгээр л “орсон” гэж бичих биш, тэндээс олж авсан тэвчээр, багийн хамтын ажиллагаа, асуудал шийдэх чадвараа харуулах хэрэгтэй. Учир нь application бол зүгээр нэг “CV” биш, харин таныг бүхэлд нь дүрслэх хөрөг зураг. Харин character (энэ хичээл дээр илүү нарийн тайлбарласан байгаа) бол энэ зургийн өнгө, гэрэл нь. Хэрэв та өөрийн хамгийн хүчтэй зан чанараа олж тодорхойлоод, түүнийгээ application-ийн бүх хэсгээрээ уялдуулж чадвал — элсэлтийн ажилтан таныг зөвхөн оноо, GPA биш ирээдүйд хөгжих боломжтой оюутан гэж харна.
Даалгавар 1: Сургуулиудыг бодитоор үнэлэх
Таны сонирхож буй жагсаалтаас гурван сургууль сонгож дараах мэдээллийг цуглуулж, өөрийн дүгнэлтийг хийнэ үү.
Сургуулийн төрөл: Сонгосон сургуулиуд тань том хотын сургууль уу эсвэл либерал артс коллеж уу? Тэдгээрийн кампусын орчин, оюутны амьдралын ялгааг тодорхойлно уу.
Гол үзүүлэлтүүд: Сургууль бүрийн acceptance rate, дундаж GPA болон SAT/ACT оноог олж тэмдэглэнэ үү. Эдгээр үзүүлэлтүүд нь таны өргөдлийн боломжид хэрхэн нөлөөлөх талаар бодит дүгнэлт бичээрэй.
Оюутан-багшийн харьцаа: Сургууль бүрийн оюутан багшийн харьцааг олж, энэ нь таны суралцах орчин, багштайгаа харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг төсөөлөн бичээрэй.
Даалгавар 2: Өөрийн зан чанарыг илэрхийлэх
"Holistic Review" болон "Thrivers" судалгааны тухай хичээлийн хэсэгт тулгуурлан өөрийнхөө хамгийн чухал нэг эсвэл хоёр зан чанарыг тодорхойлно уу. Энд хийсэн дасгал ажилыг бид дараа эсээ дээр ашиглах учир та цэгцтэй дараа харах боломжтой газраа тэмдэглэж хийхийг зөвлөж байна.
Зан чанараа тодорхойлох: Сонгосон зан чанаруудаа нэрлээд, яагаад энэ чанар нь таныг бусдаас онцгой болгодог тухай тайлбарлаарай.
Бодит жишээг олох: Сонгосон зан чанараа батлах нэг бодит түүх эсвэл үйл явдлыг амьдралаасаа бичнэ үү. (Жишээ нь: "Тууштай зан" гэвэл та ямар нэг бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухайгаа бичээрэй.) Энэ түүхээ эсээ эсвэл "хичээлээс гадуурх үйл ажиллагаа"-ны тайлбарт хэрхэн ашиглаж болох талаар төлөвлөгөө гаргаарай.
Даалгавар 3: Мэдээлэл хайх дадал үүсгэх
"Admission" үгээр хайх: Таны сонирхож буй нэг сургуулийн албан ёсны вэб сайтад хандаж, "admission" гэсэн үгээр хайлт хийгээрэй. Хайлтаар олдсон эх сурвалжуудаас сургуулийн зүгээс оюутнуудад зориулсан хоёр зөвлөгөө эсвэл гарын авлагыг олж, тэдгээрээс хамгийн чухал гэж үзсэн нэг зүйлээ тэмдэглэнэ үү.
Өөрийн бодлыг хуваалцах: "Яагаад хэн нэгний ам дамжсан ярианаас илүү сургуулийн албан ёсны эх сурвалж чухал болохыг" нэг догол мөрөнд багтаан тайлбарлаарай.
Энэхүү даалгаврыг хийснээр та өөрийн болон сургуулиудынхаа талаар илүү гүнзгий ойлголттой болж, элсэлтийн үйл явцад илүү бэлтгэлтэй орох болно.