Баербол Еербол
Duke Kunshan University-д Материал судлал болон Химийн чиглэлээр суралцдаг. SAT шалгалтад 1520 оноо авч, IELTS, Duolingo, SAT English зааж байсан туршлагатай.
Ном
IELTS Шалгалтын Ухаалаг Бэлтгэл: Оноогоо ахиулах бодит стратегиуд
IELTS (International English Language Testing System) бол англи хэлний мэдлэгийг олон улсын түвшинд үнэлдэг чухал шалгалт юм. Энэ шалгалт нь гадаадад сурах, ажиллах, цагаачлах зэрэг боломжуудыг нээдэг бөгөөд нийт 4 хэсгээс бүрдэнэ: Listening, Reading, Writing, Speaking. Доорх зөвлөгөө, сэтгэлзүй, бодит жишээг багтаасан хичээл нь таны оноог ахиулахад туслах "ухаалаг" стратегийг танилцуулна.
Сонсох (Listening): Сонсох чадварыг идэвхтэй хөгжүүл
IELTS Listening хэсэгт та нэг удаа л аудио сонсох боломжтой учир анхаарал төвлөрөл, урьдчилан бэлтгэх чадвар маш чухал. Подкаст, YouTube, мэдээ, TED Talk гэх мэт янз бүрийн эх сурвалжаас тогтмол сонсох нь англи хэлний аялга, хурдтай ярианд дасахад тусална. Shadowing техник (бичлэгийг дагаж хэлэх) бол дуудлага, ойлголтыг зэрэг сайжруулдаг хамгийн үр дүнтэй арга юм. Language Reactor зэрэг өргөтгөлүүдийг ашиглан subtitle-тай хамт давтаж үзэж болно.
Аудио эхлэхээс өмнө асуултыг урьдчилан уншиж, ямар төрлийн мэдээлэл хүлээж байгааг тодорхой болго. Сонсож байх үед хэт төвлөрсөн нэг асуултаас болж дараагийнхыг алддаг нь түгээмэл алдаа тул түрүүлж хариулж чадсан хэсгээ оруулаад шууд дараачийн асуултад шилжих зуршилтай бол.
Унших (Reading): Бүхнийг унших биш, оновчтой унших
Reading хэсэгт цаг хэмнэх хамгийн чухал техник бол Skimming ба Scanning. Бүх текстийг уншихын оронд эхлээд ерөнхий агуулгыг Skimming хийж гүйлгэн унш, дараа нь асуултад харгалзах түлхүүр үгсийг ашиглан Scanning хийж хариултыг хурдан олоорой.
Мөн академик нийтлэл, сэтгүүл унших зуршилтай болох нь зөвхөн IELTS-д төдийгүй, англи хэлний түвшин сайжруулах хамгийн баталгаатай арга юм.
Бичих (Writing): Уран илтгэх биш, логиктой бичих
Writing Task 1-д график, хүснэгтийн гол хандлага, тоон мэдээллийг зөв тайлбарлах, холбогч үгсийг зөв ашиглахад анхаар. Task 2 эссэ бичихдээ оршил, үндсэн санаа, дүгнэлт гэсэн үндсэн бүтэцтэй байж, өгүүлбэрүүд нь логик дараалалтай, холбоос үгсээр холбогдсон байх ёстой.
Бэлтгэл хийхдээ багш эсвэл AI засварлагч ашиглан өөрийн бичсэн эссэг эргэж засах дадалтай бай. Төгс эхлэлээс илүү зөв бүтэцтэй санааны илэрхийлэл илүү оноо авчирдаг.
Ярих (Speaking): Жинхэнэ өөрөөрөө байх нь хамгийн чухал
Speaking хэсэгт зарим сурагчид цээжилсэн хариулт хэлэх гэж хэт их оролддог. Гэвч шалгалт авагчид таны бодит харилцах чадварыг шалгахыг хүсдэг учир, уншлага шиг цээжилсэн, хиймэл хариулт нь оноо бууруулах эрсдэлтэй. Жишээ нь, "Tell me about your hometown" гэхэд үлгэр шиг цээжилсэн хариулт биш, өөрийнхөөрөө тайван хариулах нь илүү өндөр оноо авчирна.
Part 3 буюу сүүлчийн хэсэгт төвөгтэй, таамаглах боломжгүй сэдвээр асуулт ирдэг. Энэ үед "Би мэдэхгүй" гэж таслахын оронд, "Үнэндээ энэ сэдвийн талаар би төдийлөн сайн мэдэхгүй ч..." гэх мэтээр цэгцтэй таамаг илэрхийл. Энэ нь таны сэтгэн бодох чадварыг харуулж оноог өсгөнө.
IELTS-ийн Урхинууд ба Оноогоо Ахиулах Нууц
Цээжилсэн хариултаас зайлсхий: Шалгалт авагчид үүнийг төвөггүй таньдаг. Бодит сэтгэлгээ, логиктой хариулт л таныг ялгаруулна.
Төвөгтэй асуултаас бүү ай: Хүнд сэдвээс зугтаах бус, бодож хариулах оролдлого хий. Зөвхөн мэдэх зүйлсээ биш, бодож хэлэх чадварыг тэд үнэлдэг.
Сүртэй үгсийг буруу хэрэглэхээс болгоомжил: Academic high-level vocabulary биш, сэдэвтэйгээ холбоотой байнгын хэрэглээний зөв үгс ашиглах нь оноог илүү өгдөг.
"Catch Me If You Can"-ийн сургамж: Итгэлгүй учраас хуурамч аргыг сонгодог ч, үнэндээ таны жинхэнэ түвшин тэрнээс өндөр. Хуурч биш, зөв хандлагаар бэлтгэвэл та чадна.
Ашиглах Сурвалжууд:
IELTS Official IELTS шалгалтын тухай албан ёсны мэдээлэл болон гарын авлага.
British Council Монгол дахь IELTS шалгалтын бүртгэл болон нөөц материалууд.
IELTS - Prepare for Your Test Шалгалтад бэлдэх жишиг асуултууд.
EducationUSA Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын тухай ерөнхий мэдээлэл.
IELTS - Test Format Шалгалтын бүтэц, хэсэг тус бүрийн онцлог.