Баербол Еербол
Duke Kunshan University-д Материал судлал болон Химийн чиглэлээр суралцдаг. SAT шалгалтад 1520 оноо авч, IELTS, Duolingo, SAT English зааж байсан туршлагатай.
Энэхүү хичээлээр бид Duolingo English Test (DET)-ийн онцлог, шалгалтын бүтэц, үнэлгээ, мөн энэ шалгалтыг ямар тохиолдолд сонгох нь хамгийн оновчтойг тайлбарлана. 100% онлайн байдлаар өгөгддөг тул богино хугацаанд баталгаажсан үр дүн хэрэгтэй сурагчдад энэхүү шалгалт илүү тохиромжтой.
DET-ийн онцлог: Шалгалтын бүтэц, онооны систем, давуу болон сул талууд.
Бэлтгэл: Алдаа гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд, бэлтгэл хийх арга зүй.
Зөвлөгөө: Монгол сурагчдад зориулсан онцгой зөвлөгөө.
Мөнхзул багшийн зөвлөгөө:
Миний хувьд IELTS, TOEFL зэрэг хэлний шалгалтад удаан хугацаа зарцуулахын оронд Duolingo English Test-ийг өгөхийг сурагчдадаа зөвлөдөг. Их сургуульд элсэхэд хэлний түвшнээ батлахаас гадна өөрийгөө бүрэн харуулах, академик амжилтаа нотлох зэрэг олон зүйлс шаарддаг. Ийм үед Duolingo-г сонгосноор та бага төлбөрөөр илүү хялбар шалгалт өгч, үлдсэн цаг болон санхүүгээ бусад чухал зүйлстээ зарцуулах боломжтой. Энэ бол таныг элсэлтийн үйл явцад хэрхэн ухаалаг, үр дүнтэй хандах ёстойг харуулсан стратеги юм.
Duolingo-н шалгалтад бэлдэхдээ Arno вэб хуудсыг ашиглахыг санал болгож байна. Энэ нь таныг үр дүнтэй бэлтгэхэд туслах дараах давуу талуудыг агуулсан юм.
Бодит Speaking үнэлгээ: Arno-гийн Speaking хэсгийн үнэлгээний тогтолцоо нь жинхэнэ шалгалттай ижил байдаг тул таны практик шалгалтын дүн тогтмол байвал бодит шалгалт дээр ч ижил оноо авах магадлал өндөртэй.
Интерактив зөвлөгөө: "Try interactive feedback" хэсэгт таны хариултад ямар үг ашиглавал тохиромжтой талаар тайлбарладаг. Энэ нь таны үгийн санг сайжруулахад ихээхэн тус болно. Эндээс нэг нууцхан зөвлөгөө өгөхөд, та олон Google ID ашиглан энэхүү хэсгийг хязгааргүй ашиглаж болно.
Бусдын хариултаас суралцах: "Other people's answers" хэсгээс та бусдын хариултыг харж, сайн өгүүлбэр, үг хэллэгүүдийг тэмдэглэж авснаар ярианы илэрхийлэх сан тань дээшилнэ.
Үнэгүй mock test: Arno дээр та нэг үнэгүй mock test өгөх боломжтой. Энэ нь Duolingo-ийн mock test-тэй харьцуулахад танд дүн харуулдаг тул шалгалтаа өгөхөөс өмнө өөрийгөө үнэлэх маш сайн арга юм.
Эцсийн зөвлөгөө гэвэл таны mock test-ийн дундаж оноо нь таны шалгалтын бодит дүн байх магадлал өндөр тул аль болох олон mock test өгч өөрийгөө бэлдээрэй. Мөн танд дуолингогийн асуултын сан хэрэгтэй бол та энд дарж хараарай. Амжилт хүсье.

Дасан Зохицох Системийн Нууц: Өндөр Оноо Авсан Сурагчдын Хандлага
Duolingo English Test-ийн хамгийн чухал онцлог бол дасан зохицох үнэлгээний систем юм. Шалгалтын явцад таны хариултын үнэн зөвөөс хамаарч дараагийн асуултын түвшин автоматаар тохирч өөрчлөгддөг. Тодруулбал, хэрэв та зөв хариулт өгвөл асуултууд улам хүндэрч, буруу хариулбал арай хялбар болно. Энэхүү систем нь таны хэлний түвшинг нарийвчлан хэмжих зорилготой бөгөөд өндөр оноо авахын тулд хүнд асуултуудад зөв хариулах чадвар чухалд тооцогддог. Хэрэв шалгалтын туршид таны асуултууд хэт хялбар хэвээр байвал оноо өсөх магадлал багасдаг.
Алдаа гаргалаа гээд сандрах хэрэггүй
Дасан зохицох шалгалт учраас та нэг хоёр асуултад алдаа гаргалаа ч гэлээ бүх зүйл алдагдлаа гэсэн үг биш. Систем таны алдаанд уян хатан ханддаг тул дараагийн асуултаа хялбарчилж, эргэн нөхөх боломжийг олгодог. Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлж, дараагийн асуултууддаа бодлоготой, тууштай хандах явдал юм.
"Read and Select" хэсэг дэх оноо өсгөх стратеги
DET-ийн “Read and Select” хэсэг нь таны үгийн сангийн гүнзгий мэдлэгийг шалгадаг. Шалгалтын оноо өсөхийн хэрээр сонголтод орж ирэх үгсийн түвшин мөн адил хэцүүсэж эхэлдэг. Эндээс л таны бодит чадвар соригдож эхэлдэг бөгөөд хэрэв та эдгээр нарийн, ховор хэрэглээтэй үгсийг зөв таньж чадвал оноо хурдтай нэмэгддэг. Тиймээс энэ хэсэгт дадлага хийхдээ ердийн түвшнээс дээгүүр, академик шинжтэй үгсийг ялгаж сурвал үр дүнтэй.
Бичих ба Ярих Чадварыг Сайжруулах Стратеги
Duolingo English Test нь ердөө хариулт зөв эсэхээс гадна, таны хэлний хэрэглээний нарийвчлал, үгсийн баялаг, өгүүлбэрийн уялдаа, логик бүтэц зэрэг илүү нарийн үзүүлэлтүүдийг үнэлдэг. Иймд оноогоо ахиулахын тулд зөвхөн дүрэм мэдэх бус, илүү сэтгэж, илүү баялаг хэлээр илэрхийлэх чадвараа хөгжүүлэх шаардлагатай.
Нэгдүгээрт, үгсийн сангийн гүнзгий мэдлэг нь шалгалтын оноог мэдэгдэхүйц ахиулдаг. Жишээлбэл, “very” эсвэл “a lot” гэх мэт энгийн үгсийн оронд “immensely”, “immeasurably” зэрэг илүү нарийн, тодорхой утгатай үг ашиглах нь таны хэлний төвшинг өндөр түвшинд харуулж чадна. Гэхдээ энэ нь хиймэл чамин байдал биш — утга агуулгад тохирсон, зөв хэрэглээ л оноог өсгөдөг.
Хоёрдугаарт, бичих болон ярих хэсгүүдэд цагийг бүтэн ашиглах нь маш чухал. 50 үг бичих даалгаварт 80-100 үг бичиж, илүү баялаг, уялдаатай текст бүтээхийг зорих хэрэгтэй. Ярих үед ч адил — үгээ таслах, удаан бодохоос зайлсхийж, саадгүй, өөртөө итгэлтэй ярих дадал суулгах нь үр дүнтэй. Энэ нь таны хэлний урсгалыг, логикийг шалгалтад бүрэн илэрхийлнэ.
Гуравдугаарт, хэрэв асуултад шууд хариулах зүйл олдохгүй бол зогсолт хийхээс зайлсхийж, өмнөх санаагаа өөр хэлбэрээр дахин илэрхийлэх, жишээ авах эсвэл хөндлөн сэдэвтэй холбох оролдлого хийх нь оноонд эерэгээр нөлөөлдөг. Гол зорилго бол ярих урсгалыг таслалгүй, тухайн сэдэвтээ төвлөрч байх явдал юм.

Тусгай зөвлөмжүүд:
Зөвлөмж | Тайлбар | Яагаад Энэ Чухал вэ? |
---|---|---|
Түлхүүр үгсийг зөв тодруулах | Interactive Reading хэсэгт асуултад зөв хариулахын тулд шаардлагатай үгсийг (жишээ нь, хугацаа, нэр, тоо гэх мэт) оновчтой тодруул. | Үндсэн мэдээллийг төвлөрүүлж ойлгох чадвар нэмэгдэж, оноо өсөх магадлалтай. |
Программуудыг унтраах | Grammarly, Zoom, Microsoft Teams гэх мэт арын фоновд ажиллаж буй бүх программыг шалгалтаас өмнө бүрэн хаах. | Эдгээр программ хяналтын системд сэжигтэй харагдаж, шалгалтыг хүчингүй болгох эрсдэлтэй. |
Камерын гэрэлтүүлгийг тохируулах | Нүдний шил зүүсэн бол гэрлийг нүүрэн дээр, линз дээр тусахгүйгээр тохируул. | Хяналтын ажилтнууд таны нүд, нүүрний хөдөлгөөнийг илүү тодорхой хянаж чадах боломж бүрдэнэ. |
Ярианы бэлтгэл хийх | Өөртөө чангаар унших, дуу бичих, бичлэг хийж сонсох, тэмдэглэл хөтлөх зэрэг дасгалууд хийх. | Ярианы урсгал, дуудлага, өгүүлбэрийн бүтцийг сайжруулахад тусалдаг. |
Хуулбарлахгүй байх | Цээжилсэн эсвэл урьдчилан бэлдсэн өгүүлбэр ашиглахаас татгалзаж, өөрийн үгээр, чөлөөтэй илэрхийлэх. | Дуолингогийн систем давтагдсан хэлбэрүүдийг хялбархан илрүүлдэг. Илэрвэл оноо буурах эрсдэлтэй. |
Ашиглах Сурвалжууд:
Arno Duolingo-той адилхан шалгалтын асуултыг хязгааргүй бэлдэг боломжтой.
Duolingo English Test Duolingo-ийн албан ёсны сайт.
Duolingo Test - FAQ Шалгалтын тухай түгээмэл асуулт, хариултууд.
Duolingo Test - Test Prep Шалгалтад хэрхэн бэлдэх тухай зөвлөмжүүд.
EducationUSA Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын тухай ерөнхий мэдээлэл.
College Board Олон улсын оюутнуудад зориулсан англи хэлний шаардлагууд.