Анар Баттогтох
Cornell University-д Хөдөлмөр ба Үйлдвэрийн харилцаагаар суралцдаг. SAT-д 1490 оноо авч, GAP жилийн турш Монголдоо ХҮР-ийн багш, төгсөгчөөр ажилласан.
Энэхүү хичээлээр бид Америкийн 900 гаруй их сургуулийн нэгдсэн өргөдлийн систем болох Common Application-ийг хэрхэн зөв, алхам дараатайгаар бөглөх аргачлалыг заана. Энэ нь таныг олон сургуульд нэг дор өргөдлөө илгээх боломж олгох гол алхам юм.
Common App-ийн бүтэц: Хувийн мэдээлэл, дүн, эссэ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэг өргөдлийн хэсгүүдийн талаар.
Бөглөх аргачлал: Regular Decision, Early Decision зэрэг өөр өөр хугацаанд хэрхэн ашиглах тухай.
Зөвлөмж: Түгээмэл гаргадаг алдаануудаас хэрхэн сэргийлэх болон Common App-ийг стратегийн хувьд зөв ашиглах арга.
Common App-д сургуулийн мэдээлэл болон дүнгийн хуулга оруулах нь
Common App дээр сургууль, хичээлтэй холбоотой мэдээллээ үнэн зөв оруулна гэдэг нь таны өргөдөлд багш, зөвлөх нар оролцож, мэдээллийг хянаж баталгаажуулах үйл явцыг эхлүүлж буй хэрэг юм. Энэ бол таны элсэлтийн өргөдлийн үндсэн багцын нэг хэсэг бөгөөд дараах алхмуудыг онцгой анхаараарай.
Education хэсгийн мэдээлэл оруулах
Энэ хэсэгт та одоогийн болон өмнө нь суралцаж байсан ахлах сургуулиудын нэр, байршлыг оруулна. Сургуулийнхаа нэрийг англиар бүрэн бичиж хайх нь чухал бөгөөд хэрэв нэр гарч ирэхгүй бол “I can’t find my school” товчийг дарж, мэдээллийг гараар нэмэх боломжтой. Зарим монгол сургуулиуд Common App системд бүртгэлгүй байдаг тул энэ сонголт нь нийтлэг тохиолдол байж болно.
Дүнгийн хуулга (Transcript) оруулах
Ихэнх тохиолдолд таны GPA болон дүнгийн жагсаалтыг зөвлөх тань оруулдаг. Үүний тулд та "Recommenders and FERPA" хэсэгт багш болон зөвлөхийнхөө имэйлийг оруулснаар тэдэнд системд нэвтрэх эрх үүснэ. Зарим тохиолдолд, өөрөө дүнгийн хуулгаа оруулах шаардлагатай байж болно. Ийм үед англи орчуулгатай transcript-аа PDF файл болгон Common App-ийн зааврын дагуу оруулах хэрэгтэй.
Анхаарах зүйлс
Зөв, баталгаатай мэдээлэл оруулах нь таны өргөдлийн амжилтад шууд нөлөөлнө. Буруу эсвэл худал мэдээлэл нь таны өргөдлийг хүчингүй болгох эрсдэлтэй.
Зөвлөх, багш нартаа хангалттай хугацаа өгч, бичиг баримтуудаа бэлдүүлээрэй. Элсэлтийн улиралд тэд их ачаалалтай байдаг тул урьдчилан бэлдэж өгөх нь чухал.
Системийн хяналт маш өндөр учраас зөвлөх тань таны оруулсан мэдээллийг баталгаажуулж, системийн алдаа гарахаас сэргийлэх болно.
Мөнхзул багшийн зөвлөмж:
Common App-д өргөдөл гаргахдаа зайлшгүй анхаарах 5 чухал зүйл
Common Application системээр дамжуулан их сургуульд өргөдөл гаргах явцад олон сурагч ижил алдаа гаргадаг. Эдгээр алдааг урьдчилан мэдэж, анхааралтай ажиллах нь таны өргөдлийг оновчтой, алдаагүй болгох чухал алхам юм.
Хамгийн түрүүнд, цагийг тулгалгүй, хангалттай хугацаа гаргаж өргөдлөө бэлтгээрэй. Хэдийгээр таны амьдарч буй бүсийн цагийг систем харгалздаг ч, онлайнаар хугацааг сунгах боломжтой гэх мэт сонголт байгаа ч энэ нь яаралтай үед л хэрэглэх нөөц арга гэдгийг санаарай. Мөн зөвхөн гол эсээ бус, тухайн сургууль бүрийн нэмэлт эсээ урьдчилан шалгаж, жагсаалт гаргах шаардлагатай. Нэмэлт бичвэрүүдийг орхигдуулснаар өргөдөл тань бүрэн бус гэж үзэгдэх эрсдэлтэй. Учир нь зарим сургууль таны сонголтоос шалтгаалж нуугдмал нэмэлт асуултууд гарч ирдэг учир эртнээс танд нэмэлт асуулт гарч ирж байгаа эсэхийг шалгах нь чухал. Өргөдлөө явуулахаас өмнө заавал хянуул. Багахан анхаарлын алдаа—жишээ нь сургуулийн нэрийг буруу бичих—таныг хүсэлтэй сургуулийнхаа өмнө хариуцлагагүй мэт харагдуулах аюултай. Эсээгээ шууд систем дээр бичих нь формат алдагдах, өгөгдөл устах эрсдэлийг дагуулдаг тул эхлээд Google Docs зэрэгт бичиж, хянасны дараа оруулбал илүү найдвартай. Сүүлд нь, эсээгээ хэт нийтлэг, байнга давтагддаг сэдвээр бүү бичээрэй. Танихгүй хүнд уншуулж, сонирхол татахуйц, бусдаас ялгарах өнцөгтэй эсээ бичихийг эрмэлзээрэй. Энэ талаар бид дараах хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй ярих болно.

Common App дээр өөрийгөө илүү сайн илэрхийлэхэд туслах 5 түлхүүр зөвлөмж
1. Судалгаа болон шалгалтын оноогоо ухаалгаар удирд
SAT/ACT оноо заавал биш: Ихэнх UC сургуулиуд шалгалтын оноог шаарддаггүй тул AP зэрэг ахисан түвшний хичээлээс авсан өндөр оноо илүү үнэ цэнтэй.
AP оноог стратегитай ашигла: Хэрэв та AP шалгалт өгсөн эсвэл өгөх төлвөлгөөтэй бол AP 3 оноог зарим сургуулиуд тооцдоггүй тул 4–5 оноог онцлон оруулаарай.
GPA + хүнд хичээлүүд: GPA өндөр байхаас гадна хичээлийн ачааллыг давж гарч чаддаг болохоо AP, Honors хичээлүүдээр харуул.
Үйл ажиллагааны жагсаалтаа (Activity List) оновчтой бич
150 тэмдэгтэд бүх санаагаа шингээ: "Started club to support girls in STEM, raised $1,000, led 5 events." шиг товч тодорхой бич.
Action verb + тоо: “Founded”, “Led”, “Organized” зэрэг үгс болон тоо ашиглан өөрийн оролцооны нөлөөллийг харуул.
Ерөнхий тайлбараас зайлсхий: Зүгээр “meeting held” биш, харин “organized weekly speaker series with 8 local engineers” гэх мэт тодорхой бич.
Дараалалд анхаар: Манлайлагчийн байр суурь → мэргэжилтэй холбоотой → тогтвортой үйл ажиллагаа.
Additional Info хэсгийг зөв ашигла
Онцгой нөхцөл байдал: GPA буурсан шалтгаан, эсвэл маш чухал боловч жагсаалтад багтаагүй төсөл зэргийг тайлбарлахад ашигла.
Товч бай: Урьд нь хэлсэн зүйлээ давтах хэрэггүй. Элсэлтийн ажилтан цагаа дэмий үрж байна гэж бодож магадгүй.
Эссэгээрээ өөрийгөө үнэнээр харуул
Хувийн төлөвшил гол цөм: Бэрхшээл туулсан, эсвэл нийгмийн асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж оролдсон бодит түүх илүү хүчтэй нөлөөтэй.
Нийтлэг сэдвээс татгалз: SAT-ийн оноо сайжруулсан түүх гэх мэт нийтлэг сэдэв биш, харин таны зан чанар, үнэт зүйлсийг илтгэх түүхийг бич.
5. Сургуулиуд хэрхэн үнэлдэгийг ойлго
3 үнэлгээний хүрээ: Академик, сургуулийн гадуур оролцоо, хувийн шинж чанар гэсэн 3 багц үнэлгээнд бэлтгэ.
Дунджаас дээш байх: Хамгийн багадаа 2-р түвшний үнэлгээг бүх чиглэлээр авахыг зорь.
Нэг чиглэлээр “1” оноо авахын ач холбогдол: Хэрэв Харвард, Стэнфорд зэрэг сургууль руу чиглэж байгаа бол ядаж нэг тал дээр “1” буюу дээд түвшний үнэлгээ авах нь маш чухал.
Ашиглах Сурвалжууд:
Common App – How to Apply Common App-ийг хэрхэн бөглөх талаарх албан ёсны гарын авлага.
Common App – Step by Step Guide Өргөдөл бөглөх алхмуудыг тайлбарласан гарын авлага.
Common App – Help Center Common App-тай холбоотой асуултуудад хариулт авах төв.
EducationUSA Common App-ийг бөглөх тухай дэлгэрэнгүй тайлбар.
YouTube Common App-ийг бөглөх тухай зааварчилгаа бүхий видео хичээлүүд.
ZIPCODE Монгол шуудангын нэгдсэн код
EMongolia Эцэг эх, гэр бүлийн мэдээллээ pdf татаж авах боломжтой
School Code Search Tool Хэрэв та өөрийн сургуулийн мэдээллээ "Common App"-с олохгүй байвал тэ энэ веб хуудасаар орж сургуулиа хайх боломжтой